Saturday, May 6, 2017

On the roads of war

Хус моддоор хүрээлэгдсэн Нэргүй модот гудамж /Безыменная аллея/-наа хүрлээр цутгасан хоёр монгол морины хөшөө сүндэрлэн боссон байна. Тэд фронтын хэцүү замаар хүнд их буу чирэн зүтгэж явжээ. Агуу их Эх орны дайны хүнд жилүүдэд фашизмын эсрэг орос-монголын ард түмэн эв санааны нэгдэлтэйгээр тэмцэж байсны дурсгалыг ийнхүү уран барималчид мөнхлөн дүрсэлсэн байна.
Энэхүү хөшөө дурсгал нь Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмний үзүүлж байсан тусламжийн илэрхийлэл юм. Тэд танкийн цуваа бүрдүүлэн, сөнөөгч батальон үүсгэж, мөн төрөл бүрийн эд зүйлсээр тусалж байсан билээ. Гэвч Зөвлөлтийн ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод үлдсэн хамгийн том зүйл бол энэхүү баатарлаг монгол морьд юм. Дайны эхэнд тэд тээврийн үндсэн хэрэгсэл болж байсан төдийгүй Берлин хүртэл явж чадсан билээ. Монголын ард түмэнд ахин гүн талархал илэрхийлэхийг хүсч байна. Энэ бол бидний хамтын ялалт байсан юм. Энэхүү дурсгалт хөшөөний дэргэд амьд цэцгүүд байнга тавигдах болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээн дээр Москва хотын Зөвлөлийн дарга Алексей Шапошников өгүүлсэн аж.
Агуу их Эх орны дайны үед нийтдээ 500 мянга гаруй монгол морьд фронтын шугам дээр тулалдаж байсан аж. Гайхалтай тэсвэр тэвчээр бүхий тэдгээр монгол хүлгүүд хувцас, хүнс, сум хэрэгсэл гээд бүхий л хэрэгцээт зүйлсийг цэргүүдэд зөөвөрлөн хүргэдэг байжээ.
Дайны жимээр /Ялалтад тэмүүлсэн морьд/ хөшөөний төсөл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд 2015 оны тавдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн баригдсан бөгөөд Москва хотын засаг захиргааны бүхий л талын туслалцаа, манай элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр ийнхүү хоёр жилийн дараа бид энэ хөшөөг нээж байна хэмээн Монголын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил зочдод хандан өгүүлжээ.
Залуу хойч үедээ Монгол морьдоороо бахархах сэтгэл төрүүлэх, түүхэн үйл явдлаа эргэн сануулах үүднээс энэхүү хөшөөг Монгол Глобал ХХК-ий захирал Б.Ганбаяр захиалан хийлгэсэн бөгөөд түүнийг уран барималч О.Аюурзана оросын архитекторуудтай хамтран бүтээсэн аж.

No comments:

Онцлох мэдээлэл