Monday, April 11, 2016

Сансарт Бурхантай тааралдав уу?

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн сансарт анх ниссэн нь манай гаригийн соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн хамгийн бас дахин хамгийн гэсэн тодотголтой үйл явдал. Хүн төрөлхтөний хэдэн зуун мянган жилээр мөрөөдөж байсан хүсэл биелсэн гэхээсээ илүүтэйгээр дэлхийн шинжлэх ухааны төвшний хөндлөвч модыг маш өндөрт тавьсан хэрэг. Оюун ухаант хомо сапиенсаас сансрыг эзэмших эрин эхэлснийг зарласан алхам байв.
Сансрын нисэгч Ю.Гагарины түүхэн нислэгийн протоколоос танилцуулъя.
  • 09.07. Олон улсын сансрын нислэгийн буудап Байконур-аас Восток хөлөг хөөргөлөө. Гагарин За, явлаа гэж хашгирлаа. 10-аад мннутын дараахнаас Восток хөлөг сансрын тойрог замд, эх дэлхийгээсээ 175-302 км-ийн зайтай, 65.4 градусын налуу өнцгөөр чөлөөтэй нисч байна.
  • 09.52. Өмнөд Америкийн дээгүүр нисч өнгөрөхдөө Гагарин Нислэг хэвийн үргэлжилж байна. Сэтгэл санаа өөдрөг байна гэж илтгэлээ.
  • 10.15. Африк тив дээгүүр нисч өнгөрөхдөө Гагарин Нислэг хэвийн үргэлжилж байна. Жингүйдэлтийг сайн давж байна гэж мэдээллээ. 10.26. Дэлхийг бүтэн тойрч нислээ. Хөлгийн тооромсгийн төхөөрөмжийг ажиллуулж тойрог замаасаа гарч эх дэлхийдээ буухаар доошилж эхэллээ.
  • 10.44. Гагарин хөлгийн бүхээгээс гарч зориулалтын тусгай шүхрээ задаллаа (Бүхээгтэйгээ газардсан гэсэн буруу ойлголт олон жилийн турш байсан)
  • 10.55. Сансрын тойрог замаар Восток хөлгөөр 108 минут нисч эх дэлхийгээ тойрсон Гагарин Саратовын ойролцоо газардлаа.
Сансрын анхны нисэгч Юрий Гагарин нь манай хойд хөрш Зөвлөлт Холбоот Улсын Смоленск мужийн Гжатид 1934 оны гуравдугаар сарын 9-нд төрсөн. 1957 онд Зөвлөлтийн агаарын хүчний цэргийн сургуулийг төгсчээ. Тэрбээр сансарт нисэхдээ 27-той байсан бөгөөд дахиж нисээгүй, харин сансрын дараагийн нисэгчдийг бэлтгэж байв. Ю.Гагарин дөнгөж 34 настайдаа 1968 онд сургалтын нислэгийн үеэр учир битүүлэг шалтгаанаар онгоц нь дэлбэрэхэд амиа алдсан юм.
Үнэн алдартны шашинтай хэдий ч тухайн үеийн шаардлагаар үүнийгээ бусдаас нуухаас аргагүй нөхцөлд байсан Ю.Гагарин энэ сэдвээр бодит үнэн, онигоо хоёрын дундуур хэрхэн өгүүлснийг уншигчдадаа сонирхуулъя. Агуулга нь иймэрхүү:
Гагарин сансарт ниссэний дараа ЗХУ-ын төрийн тэргүүн Н.С.Хрущёв болон бусад удирдагч түүнийг баатрын ёсоор хүлээн авчээ. Тэр цаг дор ЗХУ-д шашныг Ард түмнийг хордуулагч хар тамхи гэж үзэж байсан үе. Тэгсэн Хрущёв олноос захлан Гагаринтай ганцаарантай нь уулзаж Юра, сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу гэж асуужээ. Гагарин,
-Тааралдлаа. Бурхан байнаа гэж хариулсан байна. Хрущёв Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй гэж захисан байна.
Гагарин Италид зочилж, католик шашны төв Ватиканы 261 дэх пап лам XXIII Иоаннтай уулзжээ. Ромын пап лам түүнээс Сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу гэж асуужээ. Гагарин,
-Тааралдсангүй, Бурхан алга гэж хариулсан байна. XXIII Иоанн пап лам Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй гэж гуйсан байна.
мэдээллийн эх үүсвэр : Б.Ерэнтэй. Үндэсний шуудан - 2016 оны 4-р сарын 12 
Сансарт Бурхантай тааралдав уу?

No comments:

Онцлох мэдээлэл