Thursday, December 22, 2011

З.Энхболд: Би Сонгуулийн ерөнхий хороог АТГ-т өгнө

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой 16.00 цагт хуралдав. Гэвч ирц бүрдэхгүй нэлээд хугацаа авсан юм. Хурлын танхимд З.Энхболд гишүүн хамгийн түрүүнд ирж суун бусдыгаа хүлээж байлаа. Сонгуулийн ерөнхий хо­рооныхон сонгуулийн саналыг автоматаар тоолох машинаа тан­химд байрлуулсан харагдана. Гаднаас нь харвал өдөр тутмын хэрэглээний энгийн принтер байв. Өөрсдийнх нь нэрлэснээр скайнер гэнэ. Туршилтын саналын хуудас авчран тэрхүү машинаараа "канон­дож" үзүүлэх аж. Сонгогч саналын хуудсаа бөглөнө. Түүнийг нь энэ машинд хийхээр саналын хуудсыг хүчинтэй хүчингүйгээр нь ялгаад гаргах юм гэнэ. Тэгэхээр нь хүчин­тэй хуудсыг нь гараар тоолох юм байх. Сонгуулийн ерөнхий хороо­ны яриад байсан сонгогчийн сана­лыг автоматаар тоолох ажил нь энэ гэнэ. Гаднаас орж ирсэн ги­шүүд цувран ирж, принтерийг со­нирхлоо. Батлан хамгаалах яамны сайд Л.Болд ирээд ингэж болохгүй хэмээн баахан ярив.

Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга түүний хэлс­нийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь илт. Гараа элгэндээ эвхэн хэг­жүүрхэнэ. Дараа нь Л.Гүндалай гишүүн ирэн "Автоматжуулах ма­шин нь энэ үү" хэмээн эргэж, тойрон сонирхоод явлаа. Араас нь Н.Бат­баяр, Д.Энхбат нарын гишүүд цуварч, санал тоолох принтертэй танилцав. Скайнерийг танил­цуу­ла­хаар ирсэн хүн Д.Энхбат ги­шүүнийг танимхайран сүрхий ярих гэтэл өөдөөс нь "Энэ чинь скайнер л байна шүү дээ. Сонгуульд ямар хамаатай юм" гэхэд өнөө нөхөр "Саналын хуудсыг өндөр хурдтай тоолдог юм" гэлээ. Тэгэхэд нь Д.Энхбат гишүүн "тэгвэл өндөр хурдтай тоолдог хоёр хүн авчихад л болоо биш үү. Ийм машинаар яадаг юм" хэмээн тэнд байсан хүмүүсийг инээлгээд авлаа. Ингээд гишүүдийн ирц бүрдэж хурал эхлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав сонгуулийн санал тооллогыг автоматжуулах ажлаа танилцуулсан юм. Төрөөс тэдэнд энэ ажилд нь зориулж 24 тэрбум төгрөгийг өгсөн юм. Сон­гуулийн хороо эхлээд хоёр машин сонгосон байж. Нэг нь сонгогчийн бүртгэл хийнэ. Энэ машин нь Солонгосын компанийнх гэнэ. Харин нөгөө нь саналын хуудсыг автоматаар тоолох машин. Тэр нь АНУ-ын "S and S" компанийнх байж. БНСУ-ын компанитай ярьс­наараа гэрээгээ хийчихэж. Харин АНУ-ын компанитай гэрээгээ хийх болтол тохирч чадаагүй учраас больжээ. Учир нь манай тал тэд­нийг техникийнхээ эвдрэлийг хариуц, гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөх нөхцөлийг шаарджээ. Нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй юм байх. Тиймээс оронд нь Со­лонгосын компанийн энэхүү скай­нерийг сонгохоор авсан нь энэ гэдгээ Н.Лувсанжав дарга тайл­бар­лалаа. Үүнээс болж бөөн шуугиан дэгдлээ. Гишүүн бүр ам амандаа шаагиж, байнгын хорооны даргад ч захирагдахаа байв.

Л.Болд сайд "Өнгөрсөн нэгдүгээр сард төсөв баталж, та нарт 24 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Өнөөдөр бүх гүйлгээ хаагдах гэж байна. Монгол Улс сонгуулийг автоматжуулсан системээр явуу­лахыг Сонгуулийн ерөнхий хороо зориуд унагаж байна. Улс төрийн зорилгоор ийм зүйл хийлээ" хэ­мээв. Н.Лувсанжав дарга "Сон­гуу­лийн тухай хууль хэзээ батлагдах нь тодорхойгүй байсан. Чанартай машин авах учраас хамгийн бага үнийн санал ирүүлснээр нь тен­дерт шалгаруулах боломжгүй бай­лаа. Тиймээс санал тоолох ма­шиныг шууд худалдан авах зарч­мыг УИХ-аар зөвшөөрүүлсэн. АНУ-ын компани Монголыг үл тоосон учраас Солонгосыг сонго­сон. Энэ сонголтод мэргэжлийн байгууллагууд оролцсон гэх мэ­тийн шалтгаан тоочив. Хажуугаас нь З.Энхболд гишүүн "Ямар учир­тай компани юм бэ, энэ чинь. Олон улсын ямар нэг сонгуульд ашиг­ласан туршлага байна уу" хэмээн тодрууллаа. Сонгуульд оролцож байсан ямар ч туршлагагүйг Н.Лув­санжав дарга батлав. Харин Со­лонгосын банкууд энэ компанийн машинаар бүртгэлээ явуулдаг гэдгийг дуулгасан юм. Үүнийг сонс­сон З.Энхболд гишүүн "Та нар сонгогчийн саналыг гараар тоолох арга руу түлхлээ" гэв. Шүүмжлэлүүд ар араасаа хөвөрч, СЕХ-ны даргыг чичилж гарлаа.

Н.Лувсанжав "Ийм машин авбал яах вэ гэж санал болгож байна. Болох, болохгүйг нь та нар шийд. Болохгүй гэвэл больчихно л биз" гэсээр суув. Энэ маргааныг Л.Гүндалай гишүүн хэрүүл болгон хувиргасан юм. Тэрээр "Ийм зүйл УИХ-д оруулна гэж байхгүй шүү. Гэрт тавьдаг принтер аваад ирсэн байна. Бид саналын хуудсанд тэмдэглэгдсэн гурван цэгийг яаж тоолох тухай асуудал ярьж байна. Хэрэв ийм принтер авах байсан юм бол би үнэгүй өгчихье. Надаас хэдийг ч авсан болно" гэж омогдож гарлаа. Хариуд нь Ц.Нямдорж сайд "Заавал Америк, Солонгосын машин ав гэж заагаад байгаа юм уу" гээд хэрүүлд орж ирэхэд Л.Болд сайдын дуу чангарч түүнийг яриулсангүй. Ц.Нямдорж сайд "Болд гуай миний дараа ярьчихгүй юу" хэмээн зандраад "Сонирхлын зөрчил гэдэг чинь энд жинхэнээрээ гарч байна. Америкийн машинаар санал тоолсон чинь олон улсад ямар, ямар будлиан гаргасныг сонинд биччихсэн байна лээ" гээд үгээ дуусгав.

Харин Ч.Сайханбилэг гишүүн "Сонгогч саналын хуудсаа тоолох төхөөрөмж рүү оруулна. Тэр са­налын дүнг машин ой санам­жин­даа санаж байх ёстой гэдгийг бид хуульдаа тусгасан байгаа. Гэтэл энэ авч ирсэн машин үүнээс эсрэ­гээрээ юм байна" гэлээ. Дэргэдээс нь Д.Очирбат гишүүн "Сайханбилэг ээ дуугүй бай" гээд хэлчихэв. Уур нь хүрсэн Ч.Сайханбилэг гишүүн "50 грамм татчихаад битгий олон юм яриад бай. Би чамаар агсруу­лахгүй шүү" гээд мууг нь дуудав.

Ингээд энд танилцуулахаар авч ирсэн машины санал тоолох үйлд­лийг самбар дээр харууллаа. Д.Энх­бат гишүүн "Цемент зөөдөг машин гээд москвич авчирчихаад байгаагаас ялгарах юм алга. Са­налын хуудсыг гараар тоолох юм байна" гэж ундууцлаа. Гэтэл Н.Лув­санжав дарга "Үнэндээ сонгуулийн хуульд саналын хуудсаа машинд хийнэ гэсэн үгс байхгүй. Саналын хайрцаганд хийнэ гэсэн байгаа шүү дээ" гэж авлаа. З.Энхболд гишүүн "Ингэж хэлээд санал луй­вар­дах гэж байгаа юм байна. Сонгуулийн хууль сонгогч бөглөсөн саналын хуудсаа төхөөрөмжид хийнэ гэж бичсэн байгаа. Хаалтан дотор саналын хайрцаг гэж бичсэн нь үнэн. Гэхдээ энэ нь саналаа биеэр ирж өгөх чадваргүй хүмүү­сийн саналыг зөөврийн хайрцгаар авна гэсэн үг. Гэтэл хуулийг ингэж буруу уншиж байгаа нь долдугаар сарын 1-нийг давтах гэснийх. Эс­вэл СЕХ-ныхон авлига авсан бай­на. Тиймээс би АТГ-т бичиг явуул­на" хэмээв. Тэгэхэд нь Н.Лувсанжав дарга "З.Энхболд гишүүн яагаад заавал АНУ-ын компанийг сонгуу­лах гээд байгаа юм. Ашиг со­нирх­лын зөрчилтэй юм байна" гэдэг хариу барьж суулаа. Үг хэлж, ярь­сан болгонтой зэрэгцэн, хашгичиж байсан Л.Гүндалай гишүүн "Намын даалгавраар явж байгаа новшнууд байна. Авчирсан юмыг нь хар л даа. Луйварчид цугларчихаж" хэ­мээн орилж гарлаа. МАН-ын бүл­гийн дарга Ө.Энхтүвшин "намын даалгавар энэ тэр гээд юу яриад байна аа" гэхэд Л.Гүндалай гишүүн "Сонгуульд хэн нь луйвар хийдэг билээ дээ" гэв. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Гүндалай гишүүнээ гараад жаахан тайвшир­чихаад орж ирдэг юм уу" хэмээн гуйж суулаа. Харин Н.Энхболд гишүүн "СЕХ-ны нөхцөл байдлыг ойлгож байгаа ч оруулж ирсэн энэ машин чинь арай биш ээ" гэв. Э.Бат-Үүл гишүүн ирэх зургаду­гаар сар хүртэл алдаагаа засах хугацаа байна гэдгийг сануулж байлаа. Л.Болд сайд "Н.Лувсанжав Хууль зүйн сайд хийж явсан турш­лагатай хүн байж хариуцлагагүй байна. Сонгуулийн дараа өндөр албан тушаалаар шагнуулаад явж болно. Гэвч ард нь хохирч үлдэх ард түмэн, улс орон яах юм бэ. Сонгуулийн луйвраас болж хувьс­гал гарна шүү дээ. Дахиад дол­ду­гаар сарын нэгэн гарвал яана. Таван хүний амь юу ч биш юм уу. Ямар ч асуудалгүй санал тоолчих ганц машин олоод ирэх хэмжээнд СЕХ-г удирдаж чадсангүй шүү дээ, та. Баяндүүрэн гэж нөхөр намайг Бага хурлын гишүүн байхаас СЕХ-нд ажиллаж байгаа. Үүнээс хойш хичнээн сонгууль будлиантав" хэмээн шүүмжлэв. Тэгэхэд нь З.Энхболд гишүүн "Баяндүүрэн гэдэг нөхөр Лувсанжаваас илүү эрх мэдэлтэй юм билээ. Тиймээс ийм хүмүүстэй сонгуульд орно гэдэгтээ итгэхгүй байна" гэв. Ингээд ги­шүү­дийн олонхийн саналаар СЕХ-г санал хураах өөр машин олохыг үүрэг болгосон юм.

Дараа нь Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд арванхоёрдугаар са­рын 29-нийг нийтийн амралтын өдөр болгохыг дэмжив. Харин энэ өдөр болох бөхийн барилдаанд барилдах бөхчүүдэд цол олгохыг гишүүдийн олонхи хүлээж ав­сан­гүй.

No comments:

Онцлох мэдээлэл